МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой

Нийтлэгдсэн огноо : 4/20/2025 8:28:49 AM

Орхон аймгийн харьяат 17-23 насны иргэд БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцах нөхцөл бүрдээд байна. Энэ талаар аймгийн Боловсролын газрын дээд боловсрол хариуцсан арга зүйчээс дараах тодруулгыг авлаа.

БНСУ-ын Сүнчон их сургуулийн хэлний бэлтгэлд Орхон аймгийн иргэд тэтгэлгээр суралцах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү? Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж төгсөгчдийг гадаадад их, дээд сургуульд суралцхад дэмжлэг үзүүлнэ” гэж тусгасан. Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд аймгийн Боловсролын газар БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд манай аймгийн 17-23 хүртэлх насны иргэн Сүнчон их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлгээр суралцах боломж бүрдээд байна. Хоёр тал багагүй хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст тэтгэлгээр суралцуулах тухай журмаа батлан, иргэдэд мэдээлэхэд бэлэн болоод байна.
Хэлний бэлтгэлийн нэгдүгээр улирлын сургалтын төлбөр 7 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс бүрэн хариуцна. Жилдээ 30 хүүхдийг тэтгэлэгт хамруулахаар төлөвлөсөн.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэнд тавигдах гол шалгуур нь юу байх вэ?

Тэтгэлэг хүсэгч удирдамжийн хавсралтаар батлагдсан 30 элсэх мэргэжлийн жагсаалтаас зөвхөн нэг мэргэжлийг сонгож, тухайн мэргэжилд харгалзах хичээл болон англи хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. Мөн тэтгэлэг хүсэгчийн төрсөн аав, ээж, ах, эгч, дүү, асран хамгаалагчид нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, суудаггүй, өмнө нь тус улсад зорчсонтой холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч болон халдварт өвчингүй, хоол хүнс, ус, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байх гэх мэт удирдамжид заасан шалгууруудыг хангасан байна.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ. Хүүхдүүд хэзээнээс сургууль руугаа явах вэ?

Тэтгэлэг хүсэгчдийн бүртгэлийг удирдамжид заасны дагуу ирэх дөрөвдүгээр сарын 21- 25-ны өдрийг дуустал Боловсролын газарт хүлээн авна. Тэтгэлэгт тэнцсэн сурагчид ирэх намар есдүгээр сарын 1-нээс Сүнчон их сургуульд хичээлдээ орохоор төлөвлөсөн байгаа.

Эх сурвалж: www.erdenet.mn